Эндээс хайна уу ?

МУИСОХ-ны удирдлагууд бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын албадын мэргэжилтэнгүүдтэй уулзалт хэлэлцүүлэг хийв


2009 оны 12-р сарын 18-ны өглөө МУИСОХ-ны тэргүүн, дэд тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, оюутны зөвлөл, клубуудын зөвлөлийн дарга нар болоод оюутны байрын дарга нар “Хөгжлийн Эзэд” цогц аяны хүрээнд ээлжит уулзалтаа сургалтын албадуудын мэргэжилтэн нартай нээлттэй хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалтын зорилго нь дээрхи аяны хүрээнд авагдсан судалгаагаар оюутнуудын голчлон анхаарал хандуулж, гомдол саналаа илэрхийлсэн ажилтан албан хаагчид болох сургалтын албаны мэргэжилтэнгүүдтэй оюутан, мэргэжилтэн хоорондын харилцаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, үл ойлголцол зэргийг илэн далангуй ярилцаж цаашдын үйл ажиллагаа, холбоо харилцаандаа юуг анхаарч ажиллах тухай тодорхой үр дүнд чиглэсэн ярилцлагыг хийх явдал байсан бөгөөд зохион байгуулагч оюутны холбооны гишүүд бидний зүгээс дүгнэхэд, оюутныхаа эрх ашгийг өмгөөлөн хамгаалж, тэднийг шаардлагатай мөчүүдэд төлөөлөх чиг үүргээ амжилттай гүйцэтгэлээ хэмээн үзэж байна.

Нээлттэй ярилцлагын хүрээнд, нилээд олон хурц сэдвүүдээр санал бодлоо солилцсоноос дурьдвал:

- Оюутан болоод багш, ажилтнуудын харилцааны соёлын асуудал: Сургалтын албадын мэргэжилтнүүд өөрсдийн ажлын ачаалал, стрессээс шалтгаалан оюутнуудтай эелдэг бусаар харьцсан тохиолдол байхыг үгүйсгээгүй ч, нөгөө талаараа, оюутнуудын ёс зүйн доголдолд мөн эмзэглэж байгаагаа илэрхийлсэн билээ. “Хүнийг хүндэлж байж, эргээд хүндлэлийг хүртэнэ шүү дээ” хэмээн тэд нэгэн дуугаар хэлцгээж байв. МУИСОХ болоод сургалтын албадын мэргэжилтэнгүүдийн аль аль нь энэ талаархи асуудлыг тусгайлан зохицуулан дагаж мөрдөгдөхөөр боловсруулагдаж буй ёс зүйн дүрэм нь туйлын ач холбогдолтой гэдэг дээр санал нэгдэж байлаа.

- Сургалтын албаны мэргэжилтэнгүүд маань хэдий өөрсдийнх нь чиг үүрэгт албан ёсоор хамаарахгүй ч, оюутнуудынхаа дунд агаар орчин нэгтэй ажиллаж хөдөлмөрлөдөгийнхөө хувьд, оюутнуудынхаа сул байдалд санаа зовниж байдгаа илэрхийлэв. Үүндээ, оюутнуудын дүнд хандах хандлага, хувийн соёл, харилцааны хэв маяг, нийгэмшлийн асуудал, тэр дундаа хөдөө орон нутгаас элсэн суралцаж буй оюутнуудын нийгэмшлийн асуудал, хичээлийн явцад хөзөр тоглодог байдал зэргийг хэлж байв.

- Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн өөр нэгэн чухал асуудал бол сургалтын албаны мэргэжилтэн нарын ажил үүргийн хуваарь байлаа. Сургалтын албаны мэргэжилтэнд дүн тооцооны олон ажил даалгаастай байхад түүний хажуугаар анги тэнхимийн сургалтын хэрэгсэл тоноглолуудыг давхар хариуцуулж, цаашлаад нэгж оюутан бүр цагийг нь тулгасан “яаралтай, яг л одоо” гэсэн хүсэлт тавьж, үдийн ундаа ч тухтай уух, амсхийх бололцоо өгдөггүй болохыг тэд хэлж байлаа. Эндээс оюутнуудтай тулж ажилладаг, тэдэнд сургалтын тогтолцоо, арга хэлбэр, дүнгийн систем зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх чиг үүрэг бүхий мэргэжилтэн өндөр хэрэгцээтэй байгааг дүгнэн харж болохоор байв.

Энэхүү уулзалтын мөн чанар, ач холбогдлыг оюутны холбоо маань их сургуулийн хамгийн чухал аппарат, оюутнуудтай харьцах чухал субьект болох сургалтын албадуудтай нягт хамтран ажиллах, тэдэнд өөрсдийн дуу хоолойгоо зөв зүйтэй арга хэлбэрээр хүргэх явдалд бодитой, урагштай алхам хийсэн хэрэг хэмээн томъёолж болно.

Бэлтгэсэн: ГХХМАлбаны дарга Ч. Анар

0 comments: