Эндээс хайна уу ?

Чөлөөт ярилцлага


2009 оны 8 дугаар сарын 27

Та бүхэндээ энэ удаад МУИС-н маань хуучин төгсөгч Зоригийн Мэндтэй хийсэн чөлөөт ярилцлагыг хүргэе. Ярилцлагадаа манай сургуулийн хуучин төгсөгчийнхөө оюутнууддаа зориулж хэлэх санаа оноо, зөвлөмж туршлага, цаашлаад З. Мэнд хэмээх нэгэн хүний оюутан ахуй үе, өнөөгийн монгол орон, түүнчлэн залуучуудад маань тулгамдаж буй зарим нэг асуудлуудын талаархи өөрийн гэсэн үзэл бодлыг нь чөлөөтэйгөөр хуваалцахыг зорьсон билээ. Энэхүү товч яриа таны ухаан мэлмийд нэгийг бодогдуулж, хоёрыг дүгнэхэд тус болтугай.

- Та өөрийнхөө тухай товч танилцуулаач?

За. Би Монгол Улсын Их Сургуулийн нийгмийн ухааны чиглэлээр, философийн буюу гүн ухааны ангийг сонгон, тухайн үед сурах завшаан олдсон ба тийнхүү 1997-оос 2001 оны хооронд суралцан төгсөж бакалаврын зэргийг горилсон билээ. Дараагаар нь 2001-ээс 2003 оны хооронд мөн чиглэлээр магистрантурт сурсан. Одоогоор Шинжлэх Ухааны Академийн харьяа Олон Улс Судлалын Хүрээлэнгийн Төв Ази судлалын хэлтэст судлаачаар ажиллаж байна.

-Яагаад чухам энэ чиглэлээр суралцах болов? Таны бодлоор бид мэргэжил, чиглэлээ сонгохдоо юуг анхаарвал зүйтэй вэ?

Гүн ухааны чиглэлээр яагаад сонгон суралцсан бэ гэхлээр, ер нь гүн ухаан, гүехэн ухаан хоёрын ялгаа юу юм бэ гэдгийг тодруулж, түүнчлэн гүн ухаан, философийг судалсны ач холбогдол, энэ мэргэжил мэдлэг маань нийгэмд ямар хэрэгтэй юм гэдгийг танин мэдэхийг зорьсон юм. Өнөөдөр оюутан залуучууд маань их олон мэргэжил сонгодог болжээ. Тэр мэргэжлийн дийлэнхи хэсэг нь бас хэд хэдэн чиглэл рүү төвлөрөөд туйлшираад байгаа юм шиг санагдаж байна. Энэ бол эдийн засаг, хууль, хэл зэрэг юм. Манайд гэтэл бусад салбарын мэргэжилүүд их орхигдож байгаа бөгөөд энэ тал дээр манай оюутан залуучууд, сонгон суралцах гэж байгаа хүмүүс их анхаарах хэрэгтэй. Улс орон бүх төрлийн мэдлэгтэй, бүх төрлийн мэргэжилтэй, бүх төрлийн дадал дадгаальтай хүмүүс байх ёстой. Тэгж баймааж нь тэрхүү улс орны бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, мөн тэрхүү нийгмийн хэрэгцээ гэдэг зүйл сая хангагдаж чадна гэсэн үг.

- Тэгэхээр таны саяны хэлсэнтэй холбогдуулж надад нэг зүйл сонин санагдаж байгаа нь юу гэхлээр, манай найзуудын яриа юм. Нэгэн айз маань өөрөө цөмийн физикийн чиглэлээр ихэд сонирхолтой, нөгөө нь мөн биологийн ухаанаар нилээд нарийн мэргэшил салбараар сонирхон судлах эрмэлзэлтэй байсан. Гэтэл тэд эцэг эхийнхээ зөвлөгөө, эргээд өөрсдийн талхыг олж амьдралаа залгуулах шаардлагаар яахын аргагүй, аль нэг эрэлт хэрэгцээтэй гэсэн мэргэжлээр, жишээлбэл аялал жуулчлал, хэл, эдийн засаг гэхчилэн нөгөө л нэг ажил олдох бололцоотой мэргэжлүүдэд захирагдах болдог. Энэ нь өөрөө нарийн мэргэжлийн салбаруудын эрэлт хэрэгцээ дутмаг байдгаас шалтгаалан цөөхөн хэдэн салбарт туйлшрах хандлага бий болдог болов уу...

Үүнийг арай гүнзгий, өргөн хүрээтэйгээр авч үзвэл улс иргэн хоёрын харилцаа, хамтын ажиллагаа алдагдсантай холбоотой л доо. Иргэн хаачих вэ гэдгээ төр улс, нийгмээсээ асууж, төр нь яаж хөгжих вэ гэдгээ иргэнээсээ асуух ёстой юм. Энэ харьцаа алдагдсанаар болбол хэн юу хийхээ мэдэхгүй, ойд төөрсөн сармагчин лугаа адил болж байна л даа. Тэгэхээр үүнийг манайх шиг ийм хүн ам цөөн, гуравхан сая хүнтэй улсын хувьд, юугаа гол болгох вэ, юугаа гол биш болгох уу, мөн хэрэгцээ шаардлага нь ямар байх вэ гэдэг нь ойлгомжтой байлгах ёстой юм. Монголчуудын хэрэгцээ бол маш бага шүү дээ, харин ч бид харьцангуй бага хэрэгцээтэй, маш том боломжтой тийм нөхцөлд оршиж байгаа. Тэгэхээр үүнийг зохицуулах байдал маань тун хангалгүй байгаатай санал нийлэх биз ээ. Дийлэнхи маань л өнөөдөр сурч боловсроно гэж явж байхад, цөөнхи нь л хар ажил, хийж бүтээх, бүтээн байгуулах ажилд оролцоно гэдэг төвөгтэй. Тиймээс хүн болгон бүтээн байгуулах ажлыг сайн мэдэрч байх хэрэгтэй. Одоо энэ олон дээд сургууль хоорондоо өрсөлдөж байна, энэ олон оюутнууд байна. Төгсөөд бид яах уу, ийх үү...ажилгүйчүүдийн армийг бэлдээд байгаа мэт л болсон байна шүү дээ. Тэгэхээр энэ бол дан ганц сургууль, дан ганц боловсрол, шинжлэх ухааны яам, дан ганц тодорхой нэг хүний буруугаас болоогүй байх. Энэ бол угтаа бүгдээрээ нийлж, бодож боловсруулах ёстой асуудал гэж хувьдаа ойлгож байгаа. Төр иргэн хоорондын л харилцаа юм. Явж явж нэг л ард түмэн гэж байна, ард түмнийг зохицуулж байгаа тэр зүйлийг төр гэдэг.

- Баярлалаа, хоёулаа энэ сэдвээ түр азнаж байгаад, одоо таны оюутан ахуй үе, сурлага хөдөлмөрийн амжилтын тухай, эрдэмд шимтэж шимтэж байсан тэр үе, онцлог дурсамж, оюутан байх хугацаанд хүн мэдлэгт суралцаж гэгээрэх боломж ямар байдаг талаар яриач?

Би зөвхөн өөрийнхөө талаар яриад байх нь сонирхолтой биш болов уу, гэхдээ ярианд минь уншигчид маань авах гээхийн ухаанаар хандаж өөрсдийн бодол санаандаа шингээх биз. Миний намтар түүх бол яахав дээ, би өөрөө залуу хүн юм чинь тэгж их намтар түүхээ ярих цаг нь арай болоогүй байх аа. Төгсөөд эдүгээ 8 жил болсон. Энэ хооронд юу хийж, яаж өнгөрөөв гэхлээр, мэдээж философийн мэргэжил бол шууд төгсөж гараад ажиллах ажлын талбар бол нилээд хомс. Сургалт шинжилгээ маань өөрөө манайд МУИС, Философи социологийн хүрээлэн төдийгөөр хязгаарлагдаж байна. Миний хувьд төгсөөд зүгээр суугаагүй бас багшийн ажлыг хийх гэж оролдож, дээд сургуулиудаар нилээд багшилж ажилласан. Дараагаар нь Энэтхэг лүү явах завшаан гараад тэнд философи болоод англи хэлийг бие даан судалюу гэсэн зорилгоор амьдарсан. Ер нь сурсны ач гавьяа гэдэг зайлшгүй зүйл. Хүн тухайн боломжит үедээ, оюутан байхдаа л цаг хугацааг сайтар ашиглах хэрэгтэй. Оюутан байх хугацаандаа хүн амьдрал цаашдаа ямар байх вэ гэдгийг мэдрээд, сурч боловсрохын мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Хүн өөрөө бүхнийг хийнэ гэж байдаггүй, мэдээж бүх зүйлд “дулдуйддаг”. Гэр орныхон тань төлбөрийг чинь хийгээд өгчихлөө, тэгэхээр чамд бол зөвхөн сурах, ажиллах буюу хөдөлмөрлөх л үүрэг зорилт үлдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр чи бол өөрөө цаг хугацааны гинжин холбоос болдог учраас тэрхүү гинжин холбоосыг л үргэжлүүлэх ёстой. Энэ бол жам ёсны асуудал. “Жамаараа яваа ертөнц” гэдэг шиг л аливааг жамаар нь явуулах ёстой гэж бодож байна.

-Миний хувьд өөртөө болоод хамт сурч буй оюутан андууддаа тодорхой хэмжээгээр шүүмжлэлтэй ханддаг л даа. Тухайлбал, өөрсдөө суръя гэсэн эрмэлзэл, суръя гэсэн өөрсдийн гаргасан шийдвэр дутмаг үүдэж тэр хүний олох амжилт бүтээл, хичээл сурлагадаа хандаж байгаа хандлага, эдгээрийг дагаад тухайн хүний бүхий л амьдрал, цаашдын ирээдүй замхардаг жишээ их анзаарагддаг. Сая таны хэлсэн тэр санааг тусгаж авбал илүү үр дүнтэй суралцах боломж байгаа гэж найдаж байна.

Ер нь залуу хүн бүр сурч боловсролгүй яахав, дээд боловсролтой болохыг хичээж байгаа нь сайшаалтай. Хүн бүр боловсролтой болж болно, гэхдээ хүн бүр цаашдаа амьдралдаа авч явах учраас бүх зүйлд сурах ёстой гэж бодож байна. Оюутан хүний үүрэг бол номтой ойр “наалдаж” явах ёстой шүү дээ. Тэгэхээр суралцахын сацуу бусад бүхий л ажлуудыг хийж, нийгмийн үүрэг оролцоо ихтэй байх хэрэгтэй. Наад зах нь ээж аавдаа туслах, мал ахуйгаа хариулах, тариа ногоогоо тарихад нь оролцож өөр бусад ажил үүрэг юу байна тэр бүгдийг хийж байх ёстой. Тэгж баймааж нь улс орны амьдрал хэвийн байдалдаа орох нэг нөхцөл бүрдэнэ. Тэгэхгүй хэрэв хүн болгон сурлаа гээд, сурсныхаа дараагаар ажилтай болох нь юу билээ. Ажлын талбар маань хомс учраас өрсөлдөөн хэрэгтэй, өрсөлдөөнд хожигдоно, хоцроно, бүдрэнэ гэж зүйл бас буй. Амьдрал бол өөрөө маш бэрх. Тэр бэрхийг л давж байж сая хүн болдог юм шиг байгаа юм. Тэрхүү бэрхийг даван туулахын тулд хүн биеэ зовоох, дайчлах хэрэгтэй. Гэхдээ хүн болсны утга жанцан мэдээх хэрэг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй, амьдралын өөр бусад олон үүрэг зорилтууд байдаг. Харин манай монгол улсын хувьд бид нарын үүрэг зорилт бол энэ бяцхан Монгол орныг энэ аварга том дэлхий дээр хэрхэн яаж авч үлдэх үү гэсэн байх аваас үндэстний маань оршин тогтнох хугацаа маань ихэснэ үү гэхээс багасахгүй болой.

- Яг энэ тал дээр нэмж тодруулахад, миний хувьд өнөөдөр Монгол улсынхаа хөгжил, нүүр царайг, ард иргэдийнхээ хаа хаанаа ямаршуухан аж амьдралтай байгааг хараад сэтгэл хангалуун, тайван байж чаддаггүй. Таны хувьд бид ямар цэг, ямар нөхцөл байдалд хүрвэл сэтгэл тань хангалуун байж чадах вэ? Өөрөөр хэлбэл та улс нэгтэй ард түмнээсээ, тэр дундаа залуучуудаасаа юуг хүсэн хүлээдэг вэ?

Өнөөдрийн монголчууд бид нарын байгаа өнгө төрхийг харахнээ тийм ч сайн ирээдүйтэй байж чадамгүй мэт санагддаг л даа. Яагаад гэвэл залуучуудынх маань дийлэнхи нь яаж хялбархан арга чаргаар, амар дөхмөөр амьдрах уу гэсэн ийм санаа сэтгэгдэж байх шиг байна. Биеэ зовоохоо бид байж, дандаа цагаан гартай, цагаан цамцтай хүмүүс явахыг хүсч байна. Эрэгтэй нь “босс” болохыг хүсч байна, эмэгтэй нь “мисс” болохыг хүсч байна. Энэ байдал бол амьдралд хандах хандлага маш түүхий байгаан илрэл. Эндээс сайн ирээдүйн дүр төрх олигтой тодорч ирэхэд эргэлзээтэй. Энэ бол сул доройгийн шинж гэсэн үг. Сул дорой байх тусмаа нийгэм болбол хагарна, бутарна, эмх замбараагүйгээр хөгжинө. Эмх замбараагүйгээр хөгжиж байгаа энэ нийгмийн ирээдүйн хувь заяа бол их бүрхэг болж байна. Өөрөөр хэлбэл, наад зах нь л дэргэд байгаа хоёр хөршийнхөө “хангамжийн бааз” маягтайгаар явах гээд байна шүү дээ. Нэг л их уул уурхай хөгжүүлнэ гэж ярьж байна, энэ бол ердөө л дэргэдэх хоёр хөрш, гуравдагч дөрөвдөгч орны түүхий эдийн хангамжийн бааз болж хувирч байна гэсэн үг л дээ. Зүгээр л баялгаа тавиад туучихна гэдэг бол хөгжил биш. Залуучуудын толгойнд юу хамгийн түрүүнд орж ирж байна вэ гэдэл, амар хялбар америк маягийн амьдрал бодогдоод байна. Сингапур, Япон, Солонгос маягийн амьдрал бодогдоод байх шиг байна. Энэ бол маш их зовлон зүдгүүрийг туулж өнгөрүүлсэн эдийн засаг, зах зээлийн орчил нөхцөлөөс үүдэлтэй амьдрал байсан. Ийм маягийн зах зээлийн харилцаа манайд бүрэн утгаараа хэрэгжинэ гэж байхгүй, хэрэв тэгвээс манайх шиг жижиг орон бол тэр их ачааллыг дийлэхгүй. Манайх бол гуравхан сая хүнтэй улс бөгөөд энд монголын соёл яригдаж байна, монголын хувь заяаг шийдвэрлэх тэр бүх асуудал яригдаж байгаа учраас маш бодлоготой л байх ёстой гэж би үзэж байна.

-Таны сая дурьдсан америк маягийн амьдрал гэдэгтэй холбогдуулж хэлэхэд, манайд өнөөдөр ямар ч газар орсон өнөөх хэрэглээг шүтэх үзэл давамгайлсан мэт санагддаг. Нэгэн өвөөгийн ийн ярьж байхыг сонссон л доо. “Оросуудыг эдүгээ бид нар өнөөдөр олон талаар буруушааж, америк европыг дагалдахаа сайшааж байна. Гэтэл оросуудын онцлог нь бидэнд яаж ногоо тарьж, яаж талх барьж, яаж хар бор ажил хийхийг зааж өгсөн юм. Харин миний ойлгоцоор, америкчууд бидэнд өнөөдөр юу зааж байгааг ажиглахад хэрхэн үнэтэй хүрэм өмсөж, навчин тамхи зуун хөлөө ачиж суугаад, охид бүсгүйчүүдийг маань урдаа бүжиглүүлэхийг сайн заагаад байх шиг...” хэмээж байсан. Үнэхээр л европын үнэтэй цайтай брэндүүдийг шүтэж, хувцас муутай яваа нэгэнд өөрөөр ханддаг энэ сэтгэлгээ, үнэлэмж их шүүмжлэлтэй санагддаг. Энэ талаар...

Тэгэхээр би ойлголоо л доо. Өөрийн чинь асууж байгаа өнгө аяс, өөрийн чинь байгаа байдал хүртэл оршихуйгаа их гайхсан тийм төрх харагдаж байна л даа. Залуучууд бүгд л ялгаагүй оршихуйгаа гайхаж, амьдралынхаа цаашдын утга учрыг олох гэж тэнчигнэж байна тийм ээ. Яг л эхээсээ мэндлээд гараад удаагүй байгаа хүүхэд аятай бид нар чинь тэнчигнэж байна шүү дээ. Ингэж тэнчигнэж байхдаа янз бүрээр бүдэрч, алдаж яваа, бас сайн ч явж байгаа. Гэхдээ энэ мөнгө шүтэх, материаллаг эд агуурс шүтэх энэ үзэл бол хүний тийм сайн чанар биш. Хүн болгон юуг даган баясаж, юунд дагалдаж явах гэдэг тэр хүний хүсэл мөрөөдөлтэй холбоотой зүйл. Харин энд гадны болоод дотоодын тэрхүү өнгөлөг мөнгөлөг байдал, хэлбэрийг шүтэх үзэл бол их давамгай болчихоод байгаа.

-Магадгүй энд монголчууд бидний амьдралын хэв маяг, соёл хуучин замналаасаа өөрчлөгдөн суурин хэв маягт шилжиж байгаа, цаашлаад яригдаад байдаг даяаршилал, соёлын нэгдлийн асуудал, түүнд буурай орнуудын дагалдах байдлаар өртдөг асуудалд холбогдон хөндөгдөх болов уу?

Монголчуудын өөрсдийн бүтээсэн соёл, амьдралын хэв маяг бол байхын сацуу, өөр гадны хэв маяг орж ирж байгаа. Даяаршил, дангааршил гэж мөн ярьдаг. Дангааршил гэж байхгүй л дээ. Даяаршил бол соёлын хэлхээ холбоо, соёлын өгөө аваа гэсэн утгаар яригдана л даа. Энэ соёлын өгөө аваа дотор соёлоо авч үлдэх, өөр шинэлэг содон соёлыг хурдан хэрэгжүүлэх нь зайлшгүй сацуу, ингэхдээ тэдгээрийн явцуу муу талуудыг авахгүйг хичээх нь зүйтэй. Хөгжил бол зөвхөн тэр даяаршил гэнэ үү, эсхүл олон янзын соёлуудыг даган дууриахдаа гол нь биш. Тэгэхээр хөгжил бол хүний дотоод мөн чанараас, ёс зүйлэг байдал, ёс зүйтэй сэтгэл, ёс зүйтэй хүмүүжил, ёс суртахуунлаг хандлагаас эхлэнэ гэж боддог. Монгол орон хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна хэмээн үндсэн хуулиндаа зааж өгөөд эдүгээ хорь гаруй жил болж байна. Тэгтэл хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж байгаа явдал харагдахгүй байна шүү дээ. Яагаад тэр вэ гэхлээр тэнцвэргүй шийдэл, тэнцвэргүй олон хууль, эрх зүйн актууд тэр болгон амьдралд эергээр хэрэгжиж чадахгүй, шударга бус байна. Ёс суртахуунлаг төлөвшилийг олгож чадахгүй байгаатай энэ мөн холбоотой.

-Ёс суртахууны доголдол гэгч маань ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдээс маш тодорхой харагдаж байна. Өнөөдөр монгол орныг нэг л болохгүй байна гэсэн бухимдал хаа хаанаа харагдаж байна. Таны хувьд мэдээж хэрэг ийм бухимдлууд байдаг биз?

Залуучуудын ёс суртахууны доголдол, зан характер, дадгаалийн эвдэрсэн байдлыг асууж байх шиг байна тийм ээ. Энэ бол нилээд өргөн хүрээг хамарсан том асуудал болоод байна. Энэ бол өөрөө соёлыг ойлгохтой холбоотой асуудал. Соёл дотор маань тэрхүү ёс суртахуунлаг байдал, зах зээл, эдийн засаг, хөгжил мөнгө гээд бүх зүйл нь орж байна. Харин ёс суртахуунлаг байдал гэдэг бол хүн өөрөө. Энд тэгэхээр хүн соёл хоорондын асуудал яваад байгаа юм. Яг энэ тал дээр манай залуучуудын соёлыг ойлгох ойлголт их буруу болоод байгаа.

-Энэ доголдолтой байдлыг засч залруулахад тодорхой нэг тулж түших үзэл баримтлал үгүйлэгдээд байгаа болов уу гэж санаж байна. Өөрөөр хэлбэл, залуучуудын зарим нь үүнийг эцэг эх, гэр бүлийнхнээсээ, зарим нь багш сургагч нараасаа гэх мэтээр хүлээн авч байна. Харин үлдсэн хэсэгт, олон нийтэд маань энэхүү санаа маань дутагдсан байгаан илрэл дээр өгүүлсэн доголдол болж байгаа байх л даа...

Үнэлэмжийг бүрдүүлэх, үнэлэмжийг сайжруулах тухай яриа бас байдаг л даа. Үнэлэмж нь юунаас эхлэх вэ гэхлээр гэр бүлийн ертөнцөөс эхлэж байна, мэдээж дараа нь тэр нийгэм, хамт олноос эхлэнэ. Эндээс тэр улс орны үнэлэмж харагддаг. Иргэн нь ямар байна улс нь тийм, улс нь ямар байна иргэн нь тийм байдаг. Түрүү нь ярьсан өнөөх төр иргэн хоёрын харилцаа, итгэлцэл, үнэлэмж, үнэ цэнэ нь алдагдсан учраас нөгөө “хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийнэ” гэдэг явдал залуучуудын дунд байх л даа. Өөрсдийнхөө үнэ цэнэтэй байдлыг ухаараагүй, ухаарч амжаагүйгээсээ болоод алдаа оноо хийж байна гэж ойлгож байгаа. Тэрнээс бид бол өөрсдийн үүх түүх, дурсамжтай ийм агуу ард түмэн гэгддэг Төв Азийн нүүдлийн соёлтой томоохон улс байсан. Тэгэхээр бид өөрсдийн үнэ цэнэтэй байдлыг гаргах шаардлагатай байна, түүнийгээ тодорхойлж, түүнийгээ ухамсарлаж, үүнийгээ гол баримжаа болгох юм бол бид нарт нөөц бололцоо байгаа байх гэж бодож байна.

-За, тэгэхээр нилээд чөлөөт сэдвүүдээр илэн далангүй ярилцсанд талархаж байна. Танд оюутнууддаа хандаж амжилттай суралцах, амьдралын ухаантай байх талаар хэлж захих бусад зүйлс байгаа бол?

Ер нь өөрийгөө хуурахгүй байх үүднээс л явах ёстой. Өөрийгөө хуураад л яваад байх аваас тэр ямар ч хэрэгцээгүй цаг, нар, насаа үрэн таран хийж цацсан хэрэг болно. Тэгэхээр өөрийгөө хуурахгүй гэж бодож бүхнийг хийх хэрэгтэй. Өөрийгөө хуураад өрөөл бусдыг хуурна гэж байхгүй. Өрөөл бусад хуурагдана гэж байхгүй. Хүн хүндээ хэрэг болох үүднээс л бүх нийгмийн үйл ажиллагаа, процесс явагдаж байна шүү дээ. Би хэнд хэрэгтэй юм бэ, би хэнд хэрэггүй юм бэ гэдгийгээ л ялгаж сурах хэрэгтэй. Тэгэхээр хүнд хэрэгтэй хүн болохын тулд л өөрийгөө хуурахгүй дайчилан сурах ёстой болох нь. Хүнд хэрэггүй хүн болоё л гэвэл өнөөдөр та өөрийгөө хуураад л яваад байж болно.

-Уншигчид маань энэ зөвлөмжид тань талархах буй за. Ямартаа ч өөрийн үзэл бодол, санаа оноогоо харамгүйгээр хуваалцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлс, санасан төлөвлөсөнд тань амжилт ололтыг хүсэн ерөөе. Төгсгөлийн үгийг танд...

За баярлалаа. Өчүүхэн мунхаг миний бодол санааг олон түмэнд, залуучуудад маань хүргэх гэж намайг урьж оролцуулсан явдалд, мөн та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцаж буйдаа баяртай байна аа. Монголчууд бол амны хишигтэй улс, амин заяатай улс, энэ бүхэн маань биелэх болтугай.

0 comments: